Thursday, December 23, 2010

Өндөр гэгээн Занабазарын дурсамж музей


Бичсэн Administrator   
2010 оны 12-р сарын 04, Бямба гариг, 05:14
Өндөр гэгээн Занабазарын дурсамж музейг 1995 онд Занабазарын мэндэлсний 360 жилд зориулан байгуулсан юм. Өндөр гэгээн Занабазар нь 1635 онд төрсөн Чингисийн угсааны 34 дэх үеийн “Алтан ураг”- ийн төр, нийгмийн зүтгэлтэн түүхэн хүн байлаа. Тэрээр 17,18-р зууны Монголын нийгэм, улс төр,шашны үйлсэд ихээхэн нөлөөтэй байлаа. Мөн тэрээр монголын анхны төр, шашныг хослон баригч хаан байсан юм. Занабазар нь Буддын гүн ухаан, яруу найраг, соёл, шинжлэх ухааны хэд хэдэн төрөл дээр мэргэжсний дотроос дүрслэх урлагт түүний авьяас илүү тодорч байлаа. Занабазар Монгол оронд шарын шашныг дэлгэрүүлсэн бөгөөд Монгол газар тохируулан шинэчлэл хийсэн юм. Одоо сүм, хийдүүд Занабазарын бий болгосон дэг жаягийн дагуу хурал ном, зан үйлээ гүйцэтгэж байна. Занабазар Шанхын хийд, Төвхөн хийд зэрэг сүм дуганууд, Монголын Бурханы шашны урлал дэг сургуулийг бий болгож “Ногоон дарь эх”, “21 дарь эх”, “Язгуурын таван бурхан” зэрэг сонгодог бүтээлүүд, амар амгалан эв эеийн “Жанлавцогзол” гүн ухааны бүтээл, тусгаар тогтнолын билэгдэл “ Соёмбо” үсэг бүтээсэн юм. Энэ музейгээс Өндөр гэгээний төрсөн газар “Есөн зүйл” Анхдугаар Богдод өргөмжилсөн “Ширээт цагаан нуур”, “Шанхын хүрээ”-ний уран зураг, Занабазарын дүр, түүний өвөг дээдсийн зураг, 17-р зуунд зурагдсан Занабазарын болон түүний эхийн хөрөг болон долоон голт цөгц, “Занабазар хийц”-ийн бодь суварга зэрэг бодит үзмэр байдаг. Мөн түүний бүтээлүүдийн гэрэл зураг, сийлбэртэй гэр, эсгий ширмэл бурхад, Соёмбо үсэг, соёмбо бичгээр бичсэн бичвэр зэрэг үзмэрүүд, түүний өмсөж байсан, хувцас, хийсэн бүтээлийг гэрэл зургаар харуулсан байна. Үүнээс гадна Занабазарын байгуулсан Төвхөн хийдийн гэрэл зураг, түүний дурсгалд зориулсан Амарбаясгалант хийдийн уран зураг зэрэг үзмэрүүдийг харж болно.

No comments:

Post a Comment