Thursday, December 23, 2010

МУЗЕЙН ТУХАЙ
       Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей анх 1966 онд  нээгдэн,орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон  эрт үеэс  нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг ард түмэнд үзүүлэн сурталчилж эхэлсэн.300 гаруй үзмэртэй байсан бөгөөд  жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр 1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр биеэ даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд Өндөр  Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн  Цагаан дар эх, Язгуурын  таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир 1995 оноос  Г.Занабазарын нэрэмжит болсон. Г. Занабазарын алдарт бүтээлүүдээс гадна  XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ,шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхадын хөрөг, Б.Шаравын "Монголын нэг өдөр","Гүүний үрс гаргалт" зэрэг хосгүй бүтээлүүдийг  үзэгч олонд таниулан сурталчилж байна. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэр бүхий сан хөмрөгөөс түүвэрлэн үзүүлсэн үзүүллэгийн 12 танхимтай. Манай музей уран бүтээлчид олон нийттэй байнга хамтран ажиллаж байдаг. Мөн  музейн түр  үзэсгэлэнгийн танхимд  уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. 2004 оноос эхлэн тус музейд  ЮНЕСКО-н "Музейг хөгжүүлэх,нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл амжилттай хэрэгжиж байна.Төслийн хүрээнд үзмэрийн бүртгэл картжуулалт, сан хөмрөгийн  хадгалалт хамгаалалт, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж байна.


Хүрээ цам
"Цам" хэмээх буддын шашны томоохон зан үйл нь эртний Энэтхэгт үүсч, Түвдээр дамжин, Монгол оронд уламжлагдан, XIX зуунаас тархсан. Монголд төдийгүй бурханы шашинт бусад орнуудын "Цам"-аас сүрлэг, тансаг, хүчирхэг нь Их Хүрээний "Цам" байв. "Хүрээ Цам" 1811-1937 он хүртэл гарч байжээ. Цамнах ерөнхий утга нь тухайн нутаг орны жилийн заслыг хийх/эд оршдог/ юм. Муу бүхнийг устгаж, сайн сайхныг авчрах, уул усны эздийг аргадах зэрэг үйл хөдлөлийг бүжгийн хөдөлгөөнөөр харуулдаг. Цам шашны зан үйл боловч уламжлалт дүрслэх урлагийн хэв шинжийг агуулсан цогц үзүүлбэр-багт бүжгийн чуулган юм. Цамын талбайн чимэглэл, цамчдын баг, өмсгөл, чимэг зүүлт, барьцуудыг баримал, шуумал, цутгамал, оёмол, наамал, хатгамал, сийлбэр зэрэг дүрслэх урлагийн бүх төрлөөр урлан бүтээсэн байна. Бүжигчид энгийн болон товгор зээгт наамлаар урласан дээл, зах-додъёг, хормогч-модъёгийг өмсөн, гадуур нь ясан чимэглэл-рүжинг зүүн, хөлдөө матар хоншоорт гутал өмсөж бүжиглэнэ. "Улаан сахиус" гэж нэршсэн бурханыг төвдөөр Жамсран, санскритаар Бэгз Дармапала хэмээнэ. Музейн сан хөмрөгт нэр нь үл мэдэгдэх барималчийн бүтээсэн хоёр шүрэн баг байдгийн нэг нь зурагт үзүүлсэн үзмэр юм. Багийг цаасан шуумлын аргаар бүтээж, нүүрэнд нь хэлхсэн том жижиг шүрийг шигтгэн суулгаж, хөмсөг сахлыг нь гуулиар цутгаж, алтаар шарсан байна.  Тэргүүндээ шовгор орой бүхий дуулга өмсөн, таван хохимой залсан, улаан цагаанаар эргэлдсэн гурван мэлмийг хар өнгийн эрдэнийн чулуугаар урласан ажээ.                       Цамын  өмсгөл     Ер нь цамын  хувцас тэр чигээрээ зээгт наамлын урлагийн бүтээл билээ.Хэлхгэр өргөн гурвалжин ха нцуйтай цамын  өмсгөл, бадам хээтэй цээживч -додиг, догшдын  сүрлэг дүртэй хормогч-модиг, амирлангуй дүрт бурхдын дүрстэй үрүүжин хэмээх ясан эрхин  зүүлт сэлтээс цамын хувцас бүтдэг.Үрүүжин нь алаг, ясан гэж хоёр  янз байна.Үрүүжин нь ясан чимэг гэсэн утгатай үг бөгөөд  цамчны бүсэнд байх алаг рүүжин нь өнгө бүрийн шилэн эрхиэр чимсэн.Ясан үрүүжинг Энэтхэгт зааны ясаар Монголд тэмээний ясаар сийлдэг.               Цамын баг     Багийн хэмжээ хүний толгойноос хоёр дахин том, цамчны нүд багийн амны жавьж хавьцаа таарч замаа хардаг.Бурхдын дүрийг илэрхийлэх багийг цаасан шуумлын аргаар хийнэ. Юуны өмнө багийн ухмал,  зормол хоёр  хэвийг модоор үйлдэнэ.Энэ хоёр  хэвийг тааруулж, байрлуулахад хооронд  нь сантиметр орчим зай үлдээнэ. Хоёр хэвийн дундуур хайлмал каолин /резин/ цутгаж царцаана. Резинэн  хэвэн дээрээ нимгэн нойтон цаасыг  олон давхарлан наах аргаар баг бүтээдэг баримлын нэгэн  аргыг ‘'цаасан шуумал'' гэдэг. Дээр үед шавраар  цамын хэв цутгаж, түүндээ нимгэн цаас наах аргаар баг хийдэг байв. Хатсаны дараа цаасан багийг эцсийн байдлаар  засаж, өнгөлөн нарийн чимхлүүр ажилбаруудыг гүйцэтгэж эцэст нь бэлэн болсон багийг зурж, будан чимэглэдэг байжээ.               Гутал     Цамын гутал ясан эрхээр чимсэн улаан түрийтэй, соёо шүд арзайсан, шантгар улаан хамартай, хилэнт дугуй нүдтэй, ногоон матрын хөөмөл дүрийг монгол гутлын ээтэн хоншоорт амыг нь тааруулан урнаар суулгадаг. Матар мянган амьтны мах цусаар хооллосон гэх сүртэй араатан тул догшид гуталдаа чимэг болгон, хөлийн дэвслэх хөдөлгөөнөөр хортон дайсанг хөнөөхийг бэлгэддэг бололтой. Хүрээ цамд гардаг эрэмбэ өндөртэй догшид матар хээтэй гутал өмсдөг байжээ.                                               Хүрээ цам зураг     Зураач Д.Дамдинсүрэн монгол зургийн аргаар ‘'Хүрээ цам'', ‘'Арван засгийн бөх'' ‘'Хүрээ Майдар ‘' зэрэг  өргөн  дэлгэцийн  зохиомжтой ХХ зууны эхэн үеийн  монголын зан  заншил , түүхэн үйл явдлыг  хүүрнэн өгүүлсэн  олон сайхан бүтээлүүд туурвисан билээ. 1966 онд Дамдинсүрэнгийн зурсан ‘'Хүрээ цам'' зураг нь хагас дээрээс авсан зохиомжтой бөгөөд зургийн төвд Богдын шар өргөөний өмнө өрнөж буй цамын тоглолт, сор тахил, зүг тахигчид, багтай догшид, шанаг,лус савдаг, хөгжимч лам нар, үзэгч олон, тусгай майханд залран  цам үзэх ихэс дээдэс бүгд дүрслэгджээ.                                                            


ЮНЕСКО ТӨСӨЛ
ЮНЕСКО-с санаачилсан "Соёлын өвийг хамгаалах ба музейг хөгжүүлэх" хөтөлбөрт Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх төсөл хамрагдсан юм. Хөтөлбөрийн зорилго нь хөгжингүй болон хөгжлийн шилжилтийн үеийг дамжиж байгаа орнуудын соёлын өвийг хамгаалах, музейг хөгжүүлэх, олон улсын ба бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.Тус байгууллага "Кабул, Афганистаны музейн сан хөмрөгийг хамгаалах", "Таджикстаны музейн сан хөмрөгийг хамгаалах" зэрэг төслүүдийг Азийн бүсэд хэрэгжүүлж байна.2004-2007 онд хэрэгжүүлэх "Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл 3 гол ажилбарыг хамарч байна. Үүнд:БҮРТГЭЛ, КАРТЖУУЛАЛТ- Үзмэрийн хадгалалтын байдлын талаар тайлан бичлэг бүхий бүртгэлийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох. "Object ID"-г ашиглэн үзмэрүүдийг тодорхойлохҮЗМЭР ХАМГААЛАЛТ- Үзмэрт нөлөөлөх гэрэл ба дулаан, чийгшилтийн хяналт тогтоох, сан хөмрөгийн байршил, төхөөрөмжийн шинэчлэлт хийхСУРГАЛТ- Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулах, гадаадад сургахТус музейн ажилтнууд ба ЮНЕСКО-н мэргэжилтнүүд хамтран музейн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна урлагийн бүтээлүүдийг хамгаалахад олон нийтийг оролцуулахад анхаарлаа хандуулна.

No comments:

Post a Comment